Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 29-нд  Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 61 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн “Дэрст” хорооллын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Сайханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Сариг” хорооллын 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Портер” загварын ачааны автомашины хөдөлгүүр болон бүхээгний хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Гандангийн задгайд гал гараад байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын хашаанд хураалттай дугуйны хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Тээврийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн “Форд Эскэйпи” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Өлгий сумын Хулж багийн “Хүрэнгийн хөвч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ачааны автомашин шатсан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Увс аймгийн Улаангом сумаас тус аймгийн Өлгий сумын чиглэлд иргэн М-ын “Маяти” загварын ачааны автомашин/ шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгчид хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Партизан багийн “Шар нуур” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Е-ийн 12х10 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгийн 23 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Гүний болон ул хөрсний ус: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгой хэсэг “Богдын гол”-ын усны халиа үүсч айлын гэр, автомашин усанд автсан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Г-ын 5 ханатай гэр, М-ийн 6 ханатай гэр усанд автсан айлуудыг нүүлгэн, “Трак” 5 тн-ы автомашиныг 3 цаг 12 минут ажиллаж татан гаргасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 139 км, сумын төвөөс урд зүгт 39 км/-т ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.26-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top