Сар шинийн баярын үеэр Зүүн Азийн орнуудад огцом хүйтэрч, их цас орсны улмаас Японд наад зах нь дөрвөн хүн амиа алджээ. Японд энэ долоо хоногийн эхээр их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, дотоодын олон зуун нислэг цуцлагджээ. Томоохон агаарын тээвэрлэгчид “Japan Airlines” болон “All Nippon Airways” нийт 229 нислэгээ цуцалсан байна.
Хөрш зэргэлдээх Өмнөд Солонгост энэ долоо хоногт нийслэл Сөүл хотод агаарын хэм цельсийн хасах 15 хэм хүртэл буурч, их хэмжээний цас орохыг анхааруулсан. Аялал жуулчлалын алдартай Чежү арал дээр энэ долоо хоногт цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж олон зуун нислэг цуцлагдаж, зорчигч тээврийн хөлөг онгоцууд асар их давлагааны улмаас боомтод үлдэхээс өөр аргагүй болсон гэж Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабаас мэдээлэв.
Цаг уурын шинжээчид цаг агаарын ийм эрс тэс үзэгдэл “байнгын үзэгдэл” болсныг анхааруулж байна. Өмнөд Солонгосын цаг уурын албаны хэвлэлийн төлөөлөгч Ву Жин Кю CNN-д хэлэхдээ, “Хойд туйлаас ирсэн хүйтэн агаар Орос, Хятадыг дайран өнгөрч, Өмнөд Солонгост хүрлээ” гэжээ.
Пёньяны эрх баригчид хүйтний давлагаа Солонгосын хойгийг дайран өнгөрч, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болохыг анхаарууллаа. Хойд Солонгосын зарим хэсэгт агаарын температур хасах 30 хэмээс доош хүйтэрнэ гэж төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Хятадын цаг уурын байгууллага мөн тус улсын зарим хэсгээр агаарын температур их хэмжээгээр буурна гэж таамаглаж, Даваа гаригт дөрвөн шатлалт анхааруулах системийн хамгийн доод түвшин болох хүйтний давалгааны цэнхэр дохиог өглөө. Хятадын хамгийн хойд хэсэгт орших Мохэ хотод өнгөрсөн Ням гаригт агаарын температур хасах 53 хэм хүртэл буурсан. Энэ нь түүхэн дэх хамгийн хүйтэн тохиолдол гэж цаг уурчид мэдэгдэв. Мөсөн манан буюу агаарт байгаа усны дуслууд шингэн хэлбэрээр үлдэх үед л тохиолддог цаг агаарын үзэгдэл энэ долоо хоногт хотод мөн адил ажиглагдаж байна гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Азийн бусад бүс нутгууд ч мөн адил эрс хүйтний нөлөөг мэдэрсэн. Энэ сарын эхээр Оросын Сибирьт Якутск хотод агаарын хэм Цельсийг хасах 62.7 хэм хүрсэн.
Афганистанд ч хүйтний эрч чангарч, Талибаны албаныхан 157 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Тус улсад хамгийн хүйтэн өвөл болж байна. Албаныхны мэдээлснээр нэгдүгээр сарын эхээр агаарын температур Цельсийн хасах 28 хэм хүртэл буурчээ.
Сөүлийн Ханьян их сургуулийн цаг уурын профессор Йе Санг-Вук Солонгосын хойгийн хэт хүйтэн давалгааг Сибирийн арктикийн салхитай холбон тайлбарлажээ. Энэ жил Өмнөд Солонгост үүссэн хүйтэн давалгаа нь хойд туйлын мөсөн бүрхүүл хайлсантай холбоотой гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: CNN