Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 3-8 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор  -26..-31 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0…-5 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Тээвэрчдийн гудамжинд хөгжимт драмын театрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 80х10 метрийн хэмжээтэй дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Улаанбаатар төмөр замын харьяа “Замын-Үүд өртөө-2” Ачааны галт тэргэнд ачаатай нүүрс уугиж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Говьсүмбэр аймгаас-БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд  512 тн нүүрс тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний 11 дүгээр чиргүүлд ачсан 66 тн нүүрс уугиж байсныг 34 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Ногоочдын хэсгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 07:40  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 11х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 01:02 цаг ажиллан унтраасан. 

Булган аймгийн Булган сумын Ачуут баг, Шинэ хороо хэсгийн 2 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын  8х32 метрийн хэмжээтэй нийтийн байрны дээвэр шатаж байсныг 01:14 цаг ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу баг, /аймгийн төвөөс баруун зүгт 55 км, сумын төвд/ Бага оврын автобус /22 зорчигчтой/ замын хажуу руу орсон тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /56 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Хюндай Коунти” загварын 24 хүний суудалтай бага оврын автобус замын хажуу руу гулгаж орсон байсан бөгөөд Булган сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр руу зөөвөрлөн, жолоочийг сум дундын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байсан тул автобусыг 20:25 цагт татан гаргасан.

Өндрөөс унах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар  баг, Хээтэй хороолол, Баригдаж байгаа 6 давхар барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /25 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ 6 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг 13:19 цагт ярилцлага хийн буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод баг, “Хагийн хөдөө”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 76 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/-т автомашин цасанд сууж эвдэрсэн тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Б /70 настай, эрэгтэй/-ын “УАЗ-3909“ загварын автомашин цасанд сууж, эвдэрсэн байсныг 01.28-ны өдрийн 02:38 цагт татан гаргаж, тухайн иргэдийг тээвэрлэн автомашиныг чирч 03:50 цагт Улаангом суманд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top