Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

viber_image_2023-01-31_09-48-47-027.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги болон Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн танилцлаа.

Энэ үеэр алба хаагчдад байгууллагын үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгч, цаашид анхаарах зарим асуудлын талаар холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги нь 2012 онд байгуулагдан, Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ сумдад гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Алба хаагчид иргэд сураггүй алга болсон, төөрсөн, зам тээврийн осол, ахуйн гал түймрийн дуудлагаар зонхилдог үүрэг гүйцэтгэдэг.

Өнгөрсөн онд долоо удаагийн дуудлагаар ажиллаж, 950 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн ажиллах орчин нөхцлөө сайжруулах, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг өрнүүлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top