Амстердам хот усан доогуур унадаг дугуйн зогсоол байгуулав

302767-01022023-1675221390-424278797-f3c7e2be-c18c-4916-a86d-c115e18e3c54.jpg

Нидерланд улсын нийслэл Амстердам хот галт тэрэгний зогсоолтой холбогдсон 7000 унадаг дугуйн багтаамжтай зогсоолыг 65 сая ам.доллароор байгууллаа.

Энэхүү зогсоол Амстердам хотын хамгийн том унадаг дугуйн зогсоол биш хэдий ч бүхэлдээ усан доогуур байрлалтай гэдгээрээ онцлогтой юм.

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн унадаг дугуйн зогсоол нь хотын хамгийн ачаалалтай галт тэрэгний буудлын нэг хэсэг юм байна. Энэхүү зогсоолд унадаг дугуйгаа хадгалахад эхний 24 цагт ямар ч төлбөргүй байх аж. Газар доогуур болон усан доогуур дугуйн зогсоол байгуулснаар хот даяарх гудамжны зогсоолд байрлуулсан унадаг дугуйн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх юм.

Амстердам хот энэхүү усан доогуурх унадаг дугуйн зогсоолыг байгуулахад дөрвөн жил зарцуулсан байна. Хоёрдугаар сард зогсоолын өргөтгөл нээгдсэнээр 11 мянган унадаг дугуй байрлуулах хүчин чадалтай болох ажээ. Нидерланд улсад нийт унадаг дугуйн тоо нь хүн амыг тоог давдгаараа онцлогтой. Түүнчлэн тус улсын хүн амын 35 хувь нь унадаг дугуйг өдөр тутам ашигладаг гэсэн судалгаа байдаг байна.

Амстердам хотын галт тэрэгний төв буудлаар өдөртөө 200 мянган хүн үйлчлүүлдэг бөгөөд иргэд унадаг дугуйгаа гудамжны зогсоолд байршуулж бөөгнөрөл үүсгэдэг байжээ. Усан доогуурх зогсоол ашиглалтад орсноор гудамж талбай илүү зайтай болно гэж хотын захиргааныхан үзэж байгаа юм.

scroll to top