Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 2-7 м/с, тал хээрийн нутгаар 10-12 м/с хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгороор -22-27 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4-9 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө -9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-ний өдөр нийт нутгаар цас орохгүй, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-ны өдөр Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 7-ны өдөр нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -18-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9-14 градус, өдөртөө -2+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг-ийн автобусны 3 дугаар буудал автобус шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Аэросити” загварын нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн 2 дугаар хэсэгт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хороолол хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус хорооллын хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 53 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн “Цагаан хаалга” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Хино ранжер U-GD3HJAA” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х9.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хадатын задгай байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 03:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т, Ө-50°32’24.0”, У-93°49’12.0”/ 02.02-ны өдрийн 07:05:38 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тэс сумын Засаг даргын Тамгын газар болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжинд Иргэн М нь 01.18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тул тус аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 02.01-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраас 02.02-ны өдөр иргэн М/19 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй бөгөөд Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top