Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 3-8 м/с, тал, хээрийн нутгаар 9-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24…-29, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар 8-13 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -4…+1 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар байрны 2 дугаар орцонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 07:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил тус тус шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан баг, Авдар-Уулын “Ганц толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/-т Иргэн М /хөгжлийн бэрхшээлтэй/, 02.02-ны өдрийн 21:20 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.03-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 09:18 цагаас 14:10 цаг хүртэл тус иргэн М /63 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй /-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь зүүн урд зүгт 1 км-т Ганц толгой гэдэг газраас 14:10 цагт цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top