Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дунговь, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 2-7 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -4-9 градус, бусад нутгаар -8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-ний говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33-38  градус, өдөртөө  -22-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -26-31 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8-13 градус, өдөртөө -1+4 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсанСэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багт 02.06-ны өдөр 09:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Иргэн А-ийн 7х12 метрийн хэмжээтэй байшин шатсаныг Түшиг сумын мэргэжлийн ангийнхан унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороонд Хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход тус орцны хогийн сувагт хог болон хажууд нь хураалгаатай эд, зүйлс шатаж байсныг 42 минут ажиллаж  унтраасан. (Утаажилтын бүсээс тус орцны 28 иргэнийг аюулгүй газарт гаргасан)

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай багийн Өвөр-Угтаалын 2 дугаар гудамжинд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход ашиглагдахаа больсон 3х4 метрийн хэмжээтэй эмнэлэгийн хуучин байрны хананы хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Д.Ганзоригийн  10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр  шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Булган сум Булган багийн Залуус хэсгийн 17 дугаар гудамжанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба  хаагч очиход тус тоотод иргэн Б-ийн 10×12 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг 1 цаг 37 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Ачааны автомашин дээр тээвэрлэж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагч очиход Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Хово” загварын ачааны автомашин дээр тээвэрлэж явсан 10 тн орчим боодлын өвсөнд уугилт явагдаж байсныг 3 цаг 20 минут ажиллан автомашинаас буулгаж аюулгүй болгосон.

3. Хүний үйл ажиллагаатай осол:

Цас шаварт суусанДорнод аймаг, Баянтүмэн сумын Өлзийт багийн ”Дөчийн шороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Тус аймгийн Баян-Уул сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой, 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход Баян-Уул сумын харьяат иргэн Т-ийн “Киа бонго-3” загварын ачааны автомашин,  иргэн Б-ийн “Тоёота приус-10” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 1 цаг 50 минут ажиллаж татан гаргасан.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top