Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, Алтайн уулсаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө  -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2×6 метрийн хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай өрөөнд хураалттай хүнсний бараа шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Ханангийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 115 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 4 ханатай гэр шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц/48 настай эрэгтэй/-ийн баруун гарын шуу, мөр, бугалга хэсэг бага зэрэг хайрагдаж түлэгдсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Усжуулах”-ын 1 дүгээр гудамжинд байшингийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 4 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн “Эрхт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км/-т байшин шатсан тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 01:54 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэдийг очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж мөн өдрийн 02:45 цагт бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Нуурын мөс цөмөрсөн: Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 75 км/-т Хяргас нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын мөсөнд цөмөрч орсон, зорчигчид бүгд гарсан 1 хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд Хяргас нууран дээгүүр зорчиж явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /3 том хүн, 5 хүүхэд/ нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч /зорчигчид бүгд гарсан/ живсэн байсныг 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоосон. 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлнэ. иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь 02.07-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 02.11-ний өдрийн 10:00 цагаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт  гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан:Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн “Гурван-Овоот” гэдэг газар өвчтөн тээвэрлэж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М/37 настай, эрэгтэй/-гийн Приус-20 загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргаж, иргэн Н /62 настай, эрэгтэй, хагалгаанд орсон гэдсэндээ гуурстай/-ыг Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн Зараагын дээд-Эх гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км, сумын төвөөс урд зүгт 48 км/-т Автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ийн Тоёото Велфайр загварын автомашин /3 зорчигчтой/, иргэн Д-ын Тоёото Хайялүкс  загварын автомашин /1 зорчигчтой/ тус тус цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top