1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2+3 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2-7 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -9-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-ний өдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-ны өдөр Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр цас орно. Салхи 12-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хугацааны эхээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -24-29 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна. 14, 15-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн “Заан хошуу” хороолол боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 15.4 тн орчим өвс шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 11 тн орчим өвс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Өлзийт багийн “Үйлдвэр”-ийн хэсгийн 1 дүгээр гудамжинд айлын шалнаас утаа гал гарч байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход 14х16 метрийн хэмжээтэй 2 давхар, 8 айлын нийтийн байр Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй өрөөний шал /1 давхрын айлын зуухны яндангаас цонолт өгсөн байж болзошгүй/-аас утаа уугьж байсан тул 3 цаг задаргаа хийж аюулгүй болгосон.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” зоогийн газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 10х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Гүний болон ул хөрсний ус: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Даян, Өндөр толгой хэсэг 01.22-ны өдрөөс “Богдын гол”-д халиа үүсэж, голын сав дагуу байрлах айлууд усанд автаж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд/ 01.22, 01.26-27 болон 02.02, 02.09-10-ны өдрүүдэд /6 хоног/ голын халианы усанд автах аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор урт нь 300 м, өргөн нь 40 см-ийн урттай суваг татах, 3.5 км-т урттай далан байгуулах ажлыг зохион байгуулж, 12 хүн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газар /дүүргээс урд зүгт 27 км-т/ Иргэн М-нь 02.07-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, Зэвсэгт хүчний 337, 350, 353 дугаар анги, тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 02.10-ны өдрийн 08:45 цагаас мөн өдрийн 18:00 цаг хүртэл Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 02.12-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.