- Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 1-6 м/с. -7…-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 16,17-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Увс аймаг, Өмнөговь сумын 4 дүгээр баг, “Туулайн-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 142 км, сумын төвөөс баруун зүгт 12 км/-т Иргэн С-ын суудлын автомашин 02.10-ны өдрийн 19:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажилтан, алба хаагчид очиход иргэн С-ын “Хьюндай соната” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсан тул хохирол тогтоохоор ажилласан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Увс аймаг, Давст сумын Торхилог баг, “Аараг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход малчин Э-ын 24х12 метрийн хэмжээтэй малын хашаа, 4х5 метрийн хэмжээтэй амбаар, 8 ханатай гэрийн дээвэр шатаж байсныг 02:10 цаг ажиллан бүрэн унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд Хэвлэлийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 6х15 метрийн хэмжээтэй “Боржигон шарга” хэвлэлийн үйлдвэрийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Дундговь аймаг, Хулд сумын Уул багийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 39 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Билгэх багт хураалттай нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ын хашаанд 11 тонн нүүрс хураалттай байснаас 1 тонн орчим нүүрс шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Баянцагаан баг Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Г-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:24 цаг ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Нуурын мөс цөмөрсөн: Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 75 км/-т Хяргас нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын мөсөнд цөмөрч орсон, зорчигчид бүгд гарсан 1 хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд Хяргас нууран дээгүүр зорчиж явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч /зорчигчид бүгд гарсан/ живсэн байсныг 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоосон. 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлнэ. иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 02.13-ны өдрийн 09:00 цагт татан гаргах ажиллагаааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР