ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Туркт ямар тусламж үзүүлж, хэрхэн ажиллаж байгаа вэ

1f97363c4fe326577ec9c3a71f9e605d.jpg

А.Азсайхан

Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Туркт Монгол Улсаас үзүүлсэн дэмжлэг, тусламжийн талаар гаднын хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэрхэн бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.

AKIPRESS: Монгол Улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг Туркийн Хатай хотод ажиллаж байна

7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Туркийн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зорилготой Монгол Улсын аврах баг хоёрдугаар сарын 9-ний өдөр Туркийн Истанбул хотод хүрсэн. Тус аврах багт эмч, цэрэг, аврагч зэрэг 35 хүн, хоёр эрэлч нохой байгаа бөгөөд орон нутгийн цагаар өглөөний 10:21 цагт Истанбулд газардсан юм. Монголоос Туркт үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид,

  • 10 тонн махан нөөш,
  • Хоёр тонн лаа,
  • 20 ширхэг монгол гэр,
  • 1500 ширхэг ноосон хөнжил,
  • Савтай цэвэр ус зэрэг дэмжлэг багтсан юм.

Улмаар Монголын эрэн хайх, аврах баг хүмүүнлэгийн тусламжаа Истанбул хот руу илгээж, аврах ажиллагаанд оролцохоор Хатай хотыг зорьсон.

Тус аврах баг Туркийн Хатай хотод асраа босгож, зургаа дахь өдрөө ажиллаж байна. Энэ хугацаанд Монголын аврах баг

  • Нурангиас 14 цогцос гаргаж,
  • Найман хүнийг аварч,
  • Дөрвөн хүнд мэс ажилбар хийж,
  • 31 хүний ясны хугарал, гэмтлийг засаж, боолт тавьж,
  • 89 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн аж.

Туркийн Хатай хотод үргэлжилж буй эрэн хайх, аврах ажиллагааны үеэр дахин газар хөдөлсөн тул хэсэг хугацаанд олон улсын багууд аврах ажиллагаагаа зогсоож, эргэн ажиллаж эхлээд байна.

ТУРКИЙН ИРГЭД: Монголын аврагчид ойн түймэр, усны осолд сайн ажилладгийг нь мэднэ. Газар хөдлөлт, нурангид яахыг нь мэдэхгүй байна

Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлт болсон Турк Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон мэдээ гарснаас хойш “Эрх чөлөө, хамтын ажиллагааны төлөө хамтдаа” олон улсын байгууллага тэргүүтэй Туркийн олон хувь хүн, байгууллага талархал илэрхийлээд байв. Тэгвэл Монголоос Туркт тусламж үзүүлж байгаа талаар “Reddit” платформ дахь “World News” агентлаг онцолж, зарим орон Зүүн Европт өрнөж буй геополитикийн асуудалтай холбоотойгоор тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй болсныг шүүмжилжээ.

Мөн тус агентлаг Туркийн иргэдийн Монголоос илгээсэн тусламжийн талаарх сэтгэгдлээс хуваалцсан юм. Сэтгэгдлээ хуваалцсан Туркийн иргэд “Монгол маш том үлгэр жишээ боллоо. Аврах хүчин, томоохон баг биш байж болох ч гамшгийг үед тусламж багадахгүй”,

“Монголчуудад баярлалаа. Хэзээ нэгэн цагт Монголд очоод морь унахыг хүсэж байна. Гамшгийн үед сайхан сэтгэлээр тусалж байгаа улс морь унахыг амархан зааж өгөх байх”,

“Элэг нэгтнээ мартаагүй юм байна. Туркууд зөвхөн Оросоос гэлтгүй Монголоос ч гаралтай”,

“Туркт аврах ажиллагаанд оролцохоор ирсэн зарим орныг сайн мэдэхгүй ч Монголын аврагчид ой, хээрийн түймэр, усны осолд сайн ажилладаг, туршлагатайг нь мэднэ. Харин газар хөдлөлтөд яахыг нь мэдэхгүй байна. Одоо аврах ажиллагаа явуулах нь ч тэдний хувьд том дасгал, туршлага болж мэдэх юм” гэсэн байна.

Мөн нэгэн Туркийн иргэн уг зургийг “Telegram” хуудастаа “Ямар хөөрхөн юм бэ. Монголын эрэлч нохой ажиллах, хүн аврах газраа ингээд л тогтоочихдог юм байна” гэх тайлбартай оруулжээ.

Эх сурвалж: ergelt.mn

scroll to top