Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи утгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -3-8 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэ 4-9 м/с. Өдөртөө -7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-ны өдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 17-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-ны өдөр говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-ны өдөр Алтайн салбар уулсаар, 17-ны өдөр говь, талын нутгаар, 18,19-ний өдөр тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28-33 градус, өдөртөө -15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө -3+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг дахь  “Цэций газ” ХХК-ийн автомашины зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Киа-Оптима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын 17 дугаар хэсгийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Шилдэг шилтгээн” хотхоны 142/А дугаар байр барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын материал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн Цагаан хөтөл гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 16:29 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны 3 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагдыг очиход тус байрны 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж” хороолол гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 00:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.     

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

– Нуурын мөсөнд цөмөрсөн: Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт Улаангом сумаас Завхан сумын Хэцүү хад гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин Хяргас нуурын мөсөнд цөмөрч, живсэн бөгөөд зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар,Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж, иргэн Г-ын “Тоёота хайлюкс” загварын суудлын автомашиныг 02.14-ний өдрийн 17:45 цагт “Хяргас” нуурын 18 метрийн гүнээс татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top