2016 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнийн 03 цаг 39 минут орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвд гарсан гал түймрийн талаар Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уг гал түймрийн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын 14, 18, 26, 29, 30, 34, 35, 63 дугаар ангиуд болон нийслэлийн Аврах ангийн 9 анги, аврах техник, хүч хэрэгслийн хамт нийт 170 гаруй албан хаагч ажиллалаа.
Нарантуул худалдааны төвийн бөс барааны задгай саравчтай хэсэг нь задгай төмөр карказан тулгууртай, төмөр дээвэртэй задгай талбай бүхий хийц бүтээцтэй, 95×60 метр хэмжээтэй, 5700 м2 талбайтай байгууламж юм байна.
Дээрхи саравчтай задгай талбайд лангуун дээрээс бөс бараа, даавуун материал худалдаалдаг бөгөөд шатлага явагдсан газар нь 53×48 метр харьцаатай, 2544 м2 талбайд шатлага явагджээ.
Гал түймэр гарсан хэргийн газрын хамгаалалт, үзлэгт Цагдаагийн байгууллагаас 70 гаруй албан хаагч, холбогдох албад, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв зэрэг бүрэлдэхүүн ажиллалаа.
Гал түймрийн тархалтыг зогсоосон, харин галын шалтгаан нөхцлийг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Галын шалтгаан нөхцлийг урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг ОБЕГ, ЦЕГ-аас мэдэгдэж байна.