Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 3-8 м/с, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…+2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Одонт”-ын 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” /Янгир зоогийн газрын хойд талд/ Хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хороололын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн “Задгай” ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “ND-4250” загварын зүтгүүрийн чиргүүл дээр ачсан нүүрс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Овоот” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 3 дугаар гудамжны “Задгай” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Лотзе” загварын автомашины хөдөлгүүр  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Ш-ын 12х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар  багийн “Цагаан-Ус”-ны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Төмөр зам”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Булган аймгийн Булган сумын Булган багийн “Залуус хороолол”-ын 2 дугаар гудамжинд байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 02:18-ны өдрийн 05:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 5×8 метрийн хэмжээтэй  байшин  шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн “Задгай” орон сууцны барилгын дээврээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус иргэн Э /18 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 145 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Цогт сумын чиглэлд 9 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Истана” загварын автомашин, мөн тухайн чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд)  зорчиж явсан иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг 23:00 цагт татан гаргасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн  “Муу-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/Суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход тус Өмнөговь аймгийн  Даланзадгад сумаас  Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан 7 автомашин цасанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top