Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа..

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20, 22-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 23-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 20-ны өдөр тал, хээрийн нутгаар, 23-ны өдөр Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10-15 градус, бусад нутгаар -17-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +2-3 градус, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

 -Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Тэлмүүн” хотхоны 43/Б дүгээр байрны 1 дүгээр орц утаажилттай байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 32 хүнийг аюулгүй газарт гаргасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын “Киа портер” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  9/А байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн Цагдаагийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х5 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4 ханатай гэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б/3 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Тал булагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 65 км-т, сумын төвөөс хойд зүгт 32 км-т/ 02.18-ны өдрийн 14:30 цагийн орчим малын хашаа шатаж, бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг 02.18-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Н-ийн малын 3 хашаа шатаж, гал түймэрт 15 хонь, 26 ямаа, нийт 40 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Ихрийн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 02.18-ны өдрийн 14:00 цагийн орчим зөөврийн сууц шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Оторлож явсан Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн харьяат малчин Ц-ын 3х8 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатсан тухай мэдээллийг Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга Дундговь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.       

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Шар бүрдийн хөвөө” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Увс аймгийн Улаангом болон Өмнөговь сумын хооронд зорчиж явсан 2 автомашин хоорондоо мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 02.18-ны өдөр 17:52 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Увс аймгийн Өмнөговь сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Киа портер” загварын ачааны автомашин, Улаангом сумаас Өмнөговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын  “Тоёота-Аква”  загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Киа портер” загварын ачааны автомашины жолооч О /42 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч  нарт  хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн  “Муу-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т/ суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус Өмнөговь аймгийн  Даланзадгад сумаас  Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан 4 автомашин /10 зорчигчтой/ цасанд суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг дахь Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн Хүлээн авах тасаг бага насны хүүхэд гараа махны цахилгаан машинд хийгээд буцааж гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн /4 настай, эрэгтэй/ махны цахилгаан машинд гараа хийгээд гаргаж чадахгүй байсан тул “Холматро”-гийн таслагч багаж ашиглан цахилгаан машиныг тасдаж гарган аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top