Сар шинийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье

sited.jpg

Хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд болсон Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, хамтран ажилладаг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамт олон, ард иргэд та бүхэндээ билгийн тооллын XYII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Улиран одож буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4023 хүний амь насыг аварч, 274,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.

Түүнчлэн сар шинийн босгон дээр хэлж ирдэггүй хийсч ирдэг газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улсын Хатая мужид Монгол Улсаа төлөөлөн манай Онцгой байдлын байгууллагаас 24 алба хаагч, 2 эрэлч нохойтойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

Монгол Улсын “Эрэн хайх, аврах баг” дэлхийн 70 орчим улсын аврагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, үүрэг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харуулсанд монголын ард түмэн бахархаж байна.

Цагаан сар бол төрт ёс, зан заншлаа хүндлэн дээдэлдэг түүхэн уламжлалтай, өтгөс буурлаа хүндэтгэж, сургаал, ерөөлийг нь сонсдог ухаан билигт Монгол түмний өвлийг өнтэй давж, урин дулаан хаврын улиралтай учран золгосны эрхэм дээд баяр билээ.

Угтан золгож буй XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна.

 Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ОБЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН

scroll to top