Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 04-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 1-нд тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6/Б байр 2 дугаар орцны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90/Б байр 3 дугаар орцны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 152 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгийн 3 дугаар хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байсныг 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн “Төмөр-Утасны хороо”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 161 м2  хэмжээтэй бууц шатаж байсныг 2 цаг 8 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Онги багийн Асар хорооллын 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун зүгт 210 км/-т 02.27-ны өдөр ачааны автомашин, амбаар шатсан тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн А-ийн эзэмшлийн улсын дугаар тодорхойгүй, “Хантер” загварын ачааны автомашин, 4х4 метрийн хэмжээтэй 3 амбаар 02.27-ны өдрийн 19:00 цагийн орчим шатаж байсныг сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Ривогийн-Овоо” гэдэг газар 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн Шинэ Арвайхээр байшингийн галлагааны өрөөнөөс гал гарч байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд яндангийн дулаалга шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тааны 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 02:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Мөс цөмөрч суусан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 08:34 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн Хьюндэй Портер загварын автомашины хойд дугуй голын мөсөнд цөмөрч суусан байсныг 1 цаг 21 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top