Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

tug-6phduxf1hzzifd02ptd6fe6hr5l2cyou8bwhsoxs6yo-6t2tq3hed4tyd7hd4urnrcm1x1hn7iywdznndu8ela8.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 60 гаруй тамирчин оролцсон бөгөөд 5 цэгт үүрэг гүйцэтгэн нийт 9 км тойрогт хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн дэслэгч Д.Даваабаяр захирагчтай 2-р салаа тэргүүллээ.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдын дунд пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.  Хоёр төрөлтийн нийлбэр дүнгээр 3 дугаар салааны алба хаагчид тэргүүллээ.

“Хөх сувд-2023”  мөсний баярын арга хэмжээтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангиас Цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төв, Хилийн 0257 дугаар ангийн алба хаагчид хамтран хориглох тэмдэг байршууллаа. Хориглох тэмдэглэгээг Хуучин ноосны үйлдвэрээс Чулуут хүртэлх 400 метр газарт Дамжлага баазаас Булгийн ам хүртэл 600 метр, Цахир үзүүрээс Мэргэний рашаан хүртэл 3,5 км газарт байрлуулаад байна.  Хориглох тэмдэглэгээ татсан газруудаар иргэдийг хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид сумын нутаг дэвсгэрээр урсан өнгөрөх Хараа голын мөсний зузаанд хэмжилт хийх зорилгоор өрөмдлөг хийж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа.

Төв аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар эрэн хайх, аврах ажиллагааны нийт 12 удаагийн дуудлага бүртгэгдсний 9 нь Сэргэлэн сумын нутагт болсон байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын газраас Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж, тохиолдож байгаа нөхцөл байдал дээр үнэлт, дүгнэлт хийж, аргазүйгээр ханган ажиллалаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Гал тоглоом биш” сэдэвт уралдааныг алба хаагчдын /05-10 насны/ хүүхдүүдийн дунд зохион байгуулж,  шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагналыг нь гардууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас  Сүмбэр сумын политехникийн коллежийн уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны техникчийн оюутнуудад “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвүүдээр  сургалт хийлээ.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг өрнүүллээ. Аяны хүрээнд алба хаагчид мөнгөн хандив цуглуулан 2 өрхөд хүнс, түлээ, эд материалын дэмжлэг үзүүлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Эрсдэлийг бууруулахад хамтын оролцоо” сэдэвт 45 хоногийн аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд алба хаагчдад гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн эрх зүйн орчин, гамшгийн ойлголт, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, хүүхэд төвтэй эрсдэлийн үнэлгээний арга зүй чиглэлээр танхимын сургалт хийсэн юм.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Насан туршийн боловсролын төвийн гадаад хэлний багш З.Урансайхантай хамтран анхан шатны англи хэлний сургалтыг зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Даланзадгад сумын 7 дугаар сургуулийн багш ажилчид болон сурагчдад гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааны тусгай тоног төхөөрөмжийг танилцуулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.

scroll to top