“Удирдлагын манлайлал, удирдах аргазүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

9X1A0252.jpg

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга нарын “Удирдлагын манлайлал, удирдах аргазүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож, амжилт хүссэн юм.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Манай байгууллагын гүйцэтгэх үндсэн суурь үүрэг гамшгаас урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах, сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлаа хангахад чиглэгддэг. Ингэж ч байж бид аливаа  аюул, эрсдэлээс ард, иргэдээ авран хамгаалах, хохирол багатай даван туулна. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс цаг үетэй зэрэгцэж бус, түрүүлж алхах, сэтгэх, санаачлагатай ажиллахыг хүсэн, сургалтын үйл ажиллагааг нээж байна” гэлээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга нарын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар олон нийттэй харилцах ёс зүй, хандлага, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, анхаарах асуудал, гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль  зохион байгуулах заавар, анхаарах асуудал сэдвээр холбогдох мэдээлэл өгнө.

Мөн сэтгэхүйн бариасыг арилгах арга зам, мотивац ба удирдлагын сэтгэл зүйн арга барил, гэрэл зураг авах арга зүй, өгүүлэмж, багшлах ур чадвар, заах арга зүйг сайжруулах нь сэдвийн хүрээнд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top