Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 3-8 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10+15 градус, бусад нутгаар +1+6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасаж, цас орохгүй. Зөөлөн салхитай, +4+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-ний өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5,7-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 4-ний өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-ны өдөр нутгийн зарим газраар, 7-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16-21 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3-2 градус хүйтэн, өдөртөө +13+18 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 8 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн 2Б гудамжинд  эд, хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байгууллагын байранд эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.          

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 7 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Тоёота пробокс” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 136 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн “Шандын бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 03.02-ны өдрийн 13:30 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Мянгад суманд оторлож явсан Увс аймгийн Өлгий сумын харьяат малчин Г-ийн 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ховд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Зэрэгт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 35 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10 тн орчим өвс шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х8 метрийн хэмжээтэйй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 33 км-т/ 2 автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.02-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн /14 зорчигчтой явсан бөгөөд зорчигчдын биеийн байдал хэвийн байна/ автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын  “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан баг дахь Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль Сургуулийн дотуур байрнаас 11 дүгээр ангийн сурагч О 02.27-ны өдрийн 13:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. 03.01-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газраас О /17 настай, эмэгтэй/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 23:00 цагт тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Хөх дөл” гэдэг газар нутагладаг малчин А /найзынхаа ахынд байсан байна/ гэдэг айлд байхад нь эсэн мэнд олсон тухай мэдээллийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас 03.02-ны өдрийн 08:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Шугша” хорооллын тус сумын харьяат иргэн Ө 03.01-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасаг, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар, “Шуглаа-Уул” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Эс жи эс” ХХК, “Мак” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.02-ны өдрийн 23:58 цагт тус аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Баруун-Үнэгтэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-ын зайтай/ тухайн иргэнийг хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Цас, /цасанд боогдсон/: Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн “Халиуны хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын 87 өрх, 70 гаруй мянган мал цасанд боогдож, нүүх боломжгүй болсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цасанд боогдсон зам гарцыг нээж, малчдыг нүүлгэхээр 02.28-ны өдрийн 16:35 цагт ангиас гарч 320 км замыг туулан 21:00 цагт очсон. 03.02-ны өдрийн байдлаар тус сумын Баян-Овоо багийн Богосын даваа, Хужирт гэдэг газруудад нийт 75 км цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30000 орчим малыг хаваржаанд нь буулгаад байна.         

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top