ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо байрлах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын институтын дарга Санжаяа Батиатай уулзлаа.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын аюулт үзэгдэл, ослын өнөөгийн байдал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх явцын талаар танилцуулж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт зохион байгуулах чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.
Тус байгууллага нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг, боловсрол олгох сургалтыг бүс нутгийн ялгаагүйгээр дэлхийн улс орнуудад зохион байгуулж, боловсрол сургалтын байгууллага, төвүүдтэй хамтран ажилладаг бөгөөд 2014 онд ОБЕГ-т “Тогтвортой хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг уялдуулан тусгах нь” сэдэвт гурван өдрийн семинарыг амжилттай зохион байгуулсан билээ.
Түүнчлэн төлөөлөгчид энэ сарын 02-04-ний өдрүүдэд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын институт болон Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар (Trilateral Cooperation Secretariat (TCS))-аас хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх нь” уулзалт семинарт оролцож байна.
Энэхүү уулзалт семинарт Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүн болох БНХАУ, БНСУ, Япон Улсын төлөөлөгчид болон Монгол Улсын төлөөлөгчид урилгаар оролцож, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл явцын талаар илтгэл тавьж, хэлэлцлээ.
Тус газар нь 2011 онд дээрх улсуудын Засгийн газар хоорондын гурван талт гэрээгээр байгуулагдсан бөгөөд нарийн бичгийн дарга нарын газрыг эдгээр гурван улс ээлжлэн даргалдаг аж.