27 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ee083097295e673fe3d35be5d35af9635da1d24d.jpg

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 3-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аюултайг анхааруулсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн орон нутагт хүчтэй цасан шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндрээд байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

07:00 цагт бид Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас орон нутаг болон нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас орон нутагт нөхцөл байдал ямар байна?

-ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан мэдээлсэнчлэн өчигдөр болон өнөөдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч зарим аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа Завхан аймагт хүчтэй цасан шуурга шуурч иргэд төөрч алга болсон учраас холбогдох байгууллагууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн замын нөхцөл байдал хүндэрсэн учраас өчигдөр орой 21:00 цагаас Зам тээврийн сайд М.Зоригт сайдын тушаалаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаан зорчиж байсан иргэдийг аюулгүй газарт хоноглуулсан.

-Хэчнээн иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болоод байна вэ?

Өчигдөр орой орон нутагт 76 иргэн төөрч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Яг одоогийн байдлаар эдгээр иргэдээс 49 иргэнийг эсэн мэнд олсон. Одоогоор Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон сумдад нийт 26 иргэн, Баян-Өлгий аймгийн Буянт суманд нэг иргэн сураггүй алга болж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр сураггүй алга болсон иргэдийн 3 нь мал дагаж яваад сураг тасарсан бол бусад нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан гэдэг мэдээлэл байна. Өчигдрийн байдлаар нийт 15 иргэн мал дагаж яваад сураггүй болсноос 12 иргэнийг эсэнд мэнд олоод байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутгийн замын хөдөлгөөнийг зогсоосон. Хэзээ энэхүү хөдөлгөөнийг нээх вэ?

-Зам тээврийн сайдын тушаалаар тодорхойгүй хугацаагаар хаасан байгаа. Одоогоор орон нутгаас ирсэн мэдээллээр зүүн зүгийн аймгуудад хүчтэй цасан шуурга шуурч нөхцөл байдал хүндхэн байгаа. Завхан аймагт цас их хэмжээгээр орж хүчтэй цасан шуурга шуурч даваа гүвээ хаагдан нөхцөл байдал хүнд байна. Өчигдрөөс эхлэн ОБЕГ, Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв – Тээвэр зохицуулалтын газар Хяналтын Төв Хөдөлгөөний Удирдлага Шуурхай бүлгийн ажилтан албан хаагч нар 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Тиймээс иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: www.eagle.mn

scroll to top