Улсын Онцгой комиссын I хуралдаан болж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 16-25.0 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 30 хувиар буурч 9 аймгийн 16 сум, нэг дүүрэг цагаанаар зудархуу болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурчээ. Засгийн газар, УОК-ын зүгээс 14 аймагт 1,171.0 тн өвс, 8,624.0 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгосон бол цас их орсон сумдад зам гаргах, иргэдэд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг хүргэхэд нь зориулж Ховд аймгийн онцгой комисст 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин дэмжлэгийг Улсын онцгой комиссоос үзүүлсэн.
Хуралдаанаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтансүхэд үүрэг болгов.
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж үерийн эрсдэл бүхий газруудад айл өрх суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол хүргэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын онцгой комиссын гишүүн, Б.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.