Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Дорноговь, Өвөрхангай, Ховд аймгуудад шороогоор шуурж, Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +10…+12 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед  24 м/с, 11, 12-нд говь талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 08:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшингийн дээвэр, иргэн М-ын 13х16 метрийн хэмжээтэй угаалтуурын үйлдвэрийн хана болон дээвэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 10:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Баянжаргалан сумsy Улаан-Ухаа баг, Бичигт гудамжnyl; nргэн Д-ийн 4 ханатай гэр, 03.08-ны өдрийн 11:40 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэдийг очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Харасай баг, 5 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 4х5 метрийн хэмжээтэй малын хашаа, бууц шатаж байсныг 22 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг, “Гаварш” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б-ийн 30х25 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллан унтраасан тухай мэдээлийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жаргалант баг, Мойлтын 2 дугаар гудамжинд иргэн Г-ын 5 ханатай гэр 03.08-ны өдрийн 13:10 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Г-ын 5 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй 2 амбаар, 2 метр орчим хашаа шатаж байсныг 14:50 цагт гал түймрийг унтраасан тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 5 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын хураалттай 0.4 тн өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант баг, 36 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 – Автозамын тээврийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Буян Налайх худалдааны төвийн автозамын уулзвар суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Приус-20” загварын суудлын автомашиныг жолоодож яваад автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг, 25 дугаар гудамжинд С гэр бүлийн маргааны улмаас 03.08-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход С/15 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 5 км-ийн тойрогт зохион байгуулж, 21:59 цагт тус багийн шатахуун түгээх станцын дэргэд явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үерийн далан дотроос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход үерийн далан дотор нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг, 17 дугаар гудамжинд хүчтэй шороон шуурга шуурч, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. 03.08-ны өдрийн 15:50 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 5 ханатай 3 гэр, 6 ханатай 4 гэр нурж,  2 айлын байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж аюулгүй болгосон.

– Шар усны үер: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Найрамдлын 8 дугаар гудамжинд усанд автсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн О-ийн хашаа руу шар усны үерийн ус орж байсныг 01:30 цаг ажиллан 100 метрийн урттай далан босгож ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top