Дэлхийн далай тэнгист 171 их наяд гаруй хуванцар хог хаягдал хөвж байна гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.
Энэхүү хуванцар хог хаягдлууд нь загас, далай тэнгисийн амьтдыг үхэлд хүргэж, түүгээр барахгүй хүний биед орж байгаа бөгөөд хуванцрыг хор хөнөөлыг бууруулахад хэдэн зуун жил шаардагдана гэж судлаачид үзэж байна.
2005 онд далай тэнгис дэх хуванцар хог хаягдал 16 их наяд байсан бол өдгөө энэ тоо 10 гаруй дахин өсжээ.
Энэхүү шинэ дүгнэлтийг 1979 оноос хойших мэдээлэл болон далай тэнгист тусгай тороор хог хаягдлыг шүүн авч цуглуулсан судалгааны ажлын үр дүнг хослуулан хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хийсэн байна.
Эдгээр 171 их наяд ширхэг хуванцрын тоонд саяхан хаягдсан шинэ хуванцруудаас гадна аль хэдийн задралд орж эхэлсэн хуучин хуванцар хог хаягдлын аль аль нь орж байгаа гэж далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын талаар судалгаа явуулдаг олон нийтийн “5Gyres Institute” байгууллагын ахлах судлаач доктор Маркус Эриксен “BBC”-д ярьжээ.
Сав, баглаа боодол, загасчлалын зарим хэрэгслийг хийхэд ашигладаг нэг удаагийн хуванцар нь нарны гэрэл, механик үйл явцын нөлөөгөөр эцэстээ жижиг хэсэг болж задардаг.
Халим, яст мэлхий, загас зэрэг далайн амьтад, тэнгисийн зарим шувууд хуванцар хог хаягдлыг хоол хүнс гэж андуурч иддэг бөгөөд хэрэв тэдгээр амьтдын гэдэс хуванцар хог хаягдлаар дүүрвэл өлбөрч үхдэг байна.
Хуванцрын бичил хэсгүүд хүний уушги, хураагуур судас, түүгээр барахгүй ургийн ихэст илэрч байсан тохиолдлууд бий. Бичил хуванцрууд хүний биед ундны ус, хоол хүнсээр дамжин ордог. Гэхдээ бичил хуванцар хүний биед хэр хортой болохыг эрдэмтэд одоогоор баттай хэлж чадахгүй байна.
Одоогийн байдлаар Атлантын далайн хойд хэсэг хуванцрын хог хаягдлаар хамгийн их бохирдсон байгаа аж. Мөн бусад далай, түүний дотор Номхон далайн зарим хэсэгт хог хаягдлын хэд хэдэн томоохонн “толбо”-нууд олджээ.
Олон жилийн турш хэлэлцсэний эцэст дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгчид их далайг хамгаалах тухай түүхэн гэрээнд (”High Seas Treaty”) энэ сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээнд зааснаар, улс гүрнүүдийн усан хилээсээ гадуурх далайн эзлэх талбайн 30 хувийг (энэ нь их далайн нийт талбайн гуравны хоёр хувийг эзэлнэ) тусгай хамгаалалтад авах бөгөөд ингэснээр далай тэнгисийн ургамал, амьтны аймгийг хамгаалж, нөхөн сэргээх боломж бүрдэнэ.
Далай тэнгис дэх хуванцрын хог хаягдлыг бууруулахын тулд нэн тэргүүнд хуванцрын хэрэглээ, үйлдвэрлэлийг бууруулахад анхаарах хэрэгтэй гэж судлаачид дүгнэжээ. Харин хуванцрын дахин хэрэглээ, далай тэнгис дэх хуванцар хог хаягдлын цэвэрлэгээ зэрэг асуудал нь далай тэнгис дэх хог хаягдлыг бууруулахад маш бага нөлөөтэй гэсэн байна.