1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Орхон, Төв, Хөвсгөл аймагт хур тунадас, Булган аймагт бороо, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймагт цас орсон. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дуднговь, Өвөрхангай, Өмнөговь аймагт шороогоор шуурсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -6…-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, -3…-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Өвөрхангай аймаг, Арвайхээр. Согоот багийн 33 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 07:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 07:59 цагт очиход иргэн Г-гийн 4х5 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Элст багийн 7 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 12:12 цагт очиход иргэн М-ийн 6×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хархорин сум. Эрдэнэтолгой багийн “Усжуулах”-ын 1 дүгээр гудамжинд хураасан аргал шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:48 цагт очиход иргэн М-ийн хашаанд нуруулдаж хураасан аргал шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 23 дугаар хорооны “Зүүн ард-Аюуш”-ийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 19:34 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 19:45 цагт очиход иргэн Б-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хорооны задгайд гахайн байрны үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 01:33 цагт очиход иргэн П-гийн 9х10 метрийн хэмжээтэй гахайн байрны 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Асгат сум. Их-Уул багийн “Бурхант” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км-т, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Асгат, Дарьганга сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:45 цагт цурамд оруулсан бөгөөд 03.10-ны өдрийн 06:40 цагт бүрэн унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Ёлт багийн “Цагаан нохойт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 277 км-т/ 03.09-ний өдрийн 07:12 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:19 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичрхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Завхан аймаг, Сонгино сум. Шар нуруу багийн “Дөрөлжийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ бага оврын ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км зам туулан 11:45 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн Сонгино сумын чиглэлд 3 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Т-гийн “Портер” загварын автомашин онхолдсон байсныг 14:40 цагт татан босгосон.
Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум. Өнгөт багийн “Зүлэгт явуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Д-нь 03.09-ний өдрийн 19:30 цагт мотоциклоор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:28 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт 35 км зам туулан 22:00 цагт очиж иргэн Д /29 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.10-ны өдрийн 05:10 цагт тус сумын Өнгөт багийн “Хар толгой” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон.
Дундговь аймаг, Дэлгэрхангай сум. Ар шавагтай багийн “Булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н сураггүй болсон тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:35 цагт сумын төвөөс гарч 35 км зам туулан 01:00 цагт очиход иргэн Н /43 настай эрэгтэй/ нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс Дэлгэрхангай сумын чиглэлд охин М/2 настай/-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Дундговь аймаг, Хулд сум. Шувуутай багийн Бодьсаг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ 10 хүн аялж яваад 1 хүн нь бусадтайгаа муудалцаад автомашинаасаа буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 03:45 цагт очиход Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Юниверс” загварын автобусаар зорчиж яваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/-нь бусадтайгаа муудалцаад автобуснаасаа буугаад зугтаж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад замын унаанд суугаад Хулд суманд эсэн мэнд очсон тухай мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Цас шаварт суусан: Увс аймаг, Давст сум. Хандгайт багийн “Зүүн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 20:19 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км зам туулан 22:15 цагт очиход Давст сумын төвөөс Давст сумын Хандгайт багийн “Хүдэн” гэдэг газрын чиглэлд 49 зорчигтой (8 нь хүүхэд) зорчиж явсан 7 автомашиныг 1 цаг 25 минут ажиллаж цаснаас татан гаргасан.
5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Салхи, шуурга:Ховд аймаг, Жаргалант сум. Буянт, Рашаант, Цамбагарав, Баатархайрхан багт тус сумын нутгаар 03.08-ны өдрийн 15:50 цагаас 03.09-ний өдрийн 13:15 цагийн хооронд салхины хурд 15-28 м/с хүрсний улмаас айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 03.09-ний өдөр хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Буянт багт 3 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, Рашаант багт 1 гэр нурсан, Цамбагарав багт 1 гэр нурсан, 2 байшингийн дээвэр хууларсан, Баатархайрхан багт 1 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, нийт 4 багийн нутаг дэвсгэрт 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагаар ажиллаж 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Архангай аймаг, Хашаат сум. Баян багийн “Задгай” /сумын төвд/-д 03.09-ний өдрийн 17:20 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас байшингийн төмөр дээвэр хууларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан.
Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал аймгийн Онцгой байдлын газарт 19:20 цагт ирүүлсэн.
Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум. Бумбат, Зүлэгт багт тус сумын нутгаар 03.09-ний өдрийн 20:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын Бумбат багийн малчин Ч-ны 5 ханатай гэр, Зүлэгт багийн малчин Д-гийн 5 хнатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 20:10 цагт ирүүлсэн.
Өвөрхангай аймаг, Бүрд сум. Эрээн баг. Тус сумын нутгаар 03.09-ний өдрийн 21:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 1 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын Эрээн багийн малчин Ж-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 22:10 цагт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР