ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинэ бүтээл, инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, шинжлэх ухаанч санал, зөвлөмж гаргах зорилготой тус хурал хоёрдахь жилдээ боллоо.
Хуралд ОБЕГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Нийгмийн эрүүлмэндийн үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Агро-Экологийн сургууль, Онцгой байдлын сургууль зэрэг 10 байгууллагын эрдэмтэн судлаачдын 15 илтгэлийг хэлэлцүүлж, бусад илтгэл, өгүүллийг эмхтгэлд хэвлүүлэн нийтийн хүртээл болгохоор шийдвэрлэсэн юм.
Тухайлбал, ОБЕГ-ын дэд дарга, докторант, бригадын генерал Б.Ууганбаяр “Хариу арга хэмжээний менежментийг боловсронгуй болгох зарим асуудал”, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор А.Мөнхсайхан “Хүчтэй газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлэх нь”, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ГЭҮ-ний хэлтсийн дарга, докторант, дэд хурандаа Д.Базаррагчаа “Төв суурин газрын хүн амын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах бэлэн байдалд хийсэн шинжилгээ”, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн вирус судлаач, магистр Ц.Амартүвшин “Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүд”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Нямсүрэн, О.Оюун-Эрдэнэ нар “Дотоод орчны агаарын чанар-химийн бодисын хордлогын эрсдэлт нөхцөл”, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Д.Алтантуяа “Монгол орны нийгэм эдийн засагт гангийн үзүүлэх нөлөөллийн судалгаа”, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, докторант, дэд хурандаа Б.Ганболд “Эрэн хайх, аврах ажиллагааны онолын үндэс”, Онцгой байдлын сургуулийн ГТТАТ-ийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин “Монгол Улсын гал түймрийн аюулгүй байдлын асуудал”, Онцгой байдлын сургуулийн ГХАТ-ийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг “Химийн ослын үеийн хор уршгийг арилгах чадавхид хийсэн шинжилгээ”, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангилал зүй, филогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор О.Энхтуяа, магистр С.Жавхлан, магистр Э.Энхжаргал нар “Агаарын цацрагийн бохирдлын орон зайн хуримтлал, тархацыг акцептор хаг, хөвд ургамлаар тогтоох үндэслэл”, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын ЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Мөнхцэцэг “Таримал ургамлын хөнөөлт организмын төрөл зүйл, тархалт хөнөөл учруулалт, анхаарах асуудлууд”, УХЭШХ-ийн мэрэгч судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Г.Мөнхчулуун “Бэлчээр тариалангийн хөнөөлт мэрэгчдийн хэт олшролтыг урьдчилан мэдээлэх загвар боловсруулах нь”, ХААИС-ийн АЭС-ийн профессор багш, доктор, дэд профессор Д.Ундармаа “Бэлчээрийн хөнөөлт шавжийн тархалт, хөнөөл, тэмцэх боломж”, Онцгой байдлын сургуулийн ЭЗНАТТ-ийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл “Гамшгийн салбарын дроны хэрэглээ, зураглал, боловсруулалтын асуудлууд”, докторант, Г.Батгэрэл “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сайн дурынхны оролцоо, олон улсын туршлага” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.