Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймагт  шороогоор  шуурсан. Бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим 13-15 м/с хүрч ширүүснэ. +4…+6 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус  хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хэнтий аймаг, Дадал сум. Баян-Овоо багийн задгай /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км, сумын төв/-д иргэн Ч-ийн 10×6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр 03.12-ны өдрийн 00:10 цагт шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 08:25 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, мэргэжлийн ангийнхан 00:45 цагт очиход иргэн Ч-ийн 10×6 метрийн хэмжээтэй 2 давхар дэлгүүр шатаж байсныг 03:25 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг Биндэр сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өмнөговь аймаг, Ханбогд сум. Гавилууд баг, Гоёот гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 10:46 цагт очиход иргэн Х-ийн хашаанд барилгын хог шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Уст баг, “Хөвсгөл-Эх” барааны захад чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:02 цагт очиход иргэн Г-ийн 6х2  метрийн хэмжээтэй чингэлэг дотор эд зүйл шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, Нийслэл парк хотхон автомашины гараашид гал гарч байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 00:14 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:23 цагт очиход тус хотхоны гараашид иргэн Б-ийн “Тоеота Блаед” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум. Зүүнбаян баг, 11 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.12- ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 км замыг туулан 00:29 цагт очиход 31х20 метрийн хэмжээтэй 12 айлын 2 давхар нийтийн байр шатаж байсныг 01:00 цагт галын тархалтыг зогсоож, 06.54 цагт бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Ногоон баг, гурван замын уулзвар гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 2 км/-т том оврын ачааны автомашин осолдсон гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 01:37  цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд иргэн Ж/37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” зоогийн газрыг мөргөсөн бөгөөд тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймаг, Манхан сум. Зэрэг гол баг, “Баруун хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т иргэн М, 03.09-ний өдрийн 07:00 цагийн орчим гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.

Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн М/43 настай, эрэгтэй, тус сумын харьяат/-г эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 12:10 цагаас 20:30 цаг хүртэл 45 км-ийн тойрогт зохион байгуулж, 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-т “Ямаан -Ус” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Төв аймаг, Сэргэлэн сум. Авдар баг, “Баянгийн даац” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 43 км, сумын төвөөс урд зүгт 60 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 43 км замыг туулан 16:21 цагт очиход Төв аймгийн Сэргэлэн сумын “Ээж хад” гэдэг газраас нийслэлийн Багахангай дүүргийн чиглэлд иргэн Ц/47 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын жолоодож явсан “Ланд Круйзер-200” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 16:24 цагт татан гаргасан.

Завхан аймаг, Сонгино сум. Баян-Айраг баг, “Шилийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т  суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан.

Тус сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид 10 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаар хотоос тус аймгийн Тэс сумын “Арц суурь” боомтын чиглэлд иргэн Б/51 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ланд-200” загварын 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг 23:50 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top