Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Юкицүгү Яномаг хүлээн авч уулзлаа

DSC6462.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Яномаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд багийн хөршийн бүлгийг 4 аймгийн 12 суманд байгуулж, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүдийг чадавхжуулах, олон нийтэд суурилсан гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө боловсруулах болон олон нийтийг гамшгаас урьдчилан сэргийлэх чадварт сургах зэрэг чиглэлүүдээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсныг онцоллоо.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс төслийн хугацааг сунгаж, нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар мэдэгдэв.

Уулзалтаар талууд цаашид “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь зээлийн төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар харилцан идэвхтэй ажиллахаар санал нэгдлээ.  Энэхүү төсөл нь Монгол Улсын гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах ач холбогдолтой тул бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ ноён Юкицүгү Янома илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top