Удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулав

-3.jpg

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн боон төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдвээр хичээл орж, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр туршлагаасаа хуваалцаж, Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

 Сургалтад дээрх гурван дүүргийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын Засаг дарга нар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top