Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Хөвсгөл, Дундговь аймгуудад, Завхан аймгийн Сонгино сум, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сум, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар цас орсон. Бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус  хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус  дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 07:43 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн Т-ын 15х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:29 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:37 цагт очиход иргэн О-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн 7х5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 35 дугаар хороо, Нарангийн голын 75 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:34 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Орхон сум. Мандал багийн Шандын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба  хаагчид 23 км замыг туулан 20:51 цагт очиход иргэн Б-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд ажилласан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, 2 дугаар хэсгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Буман-Өлзий хотхонд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 03:06 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 03:22 цагт очиход 761 дүгээр байрны орцонд буйдан шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэн гаргасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 341 км, сумын төвөөс баруун урд зүгт 41 км, Ө-51°10’48.0″, У-100°26’24.0″/ 03.15-ны өдрийн 12:19:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 12:25 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогчоос болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймаг, Халзан сум. Хатавч багийн “Дэмбэрэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т малчин Г 03.14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 16:35  цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харьяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт “Дөрвөлжийн хөндий”, “Алтат”, “Хувилгааны-Өвөлжөө”, “Энгэрийн хөв” гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт “Шандын хоолой”, “Хатавчийн хавцал”, “Шинэ худгийн хөндий”, “Цэг” гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн.

Баянхонгор аймаг, Жаргалант сум. 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т иргэн Б 03.15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-гийн гэрээс явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.15-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхний хамт иргэн Б/16 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 03.16-ны өдрийн 00:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top