Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

tug-6phduxf1hzzifd02ptd6fe6hr5l2cyou8bwhsoxs6yo-6t2tq3hed4tyd7hd4urnrcm1x1hn7iywdznndu8ela8-788bk05cswdxiqj8gv11z54af3kfekej6jvibzflagw.jpg

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангиас тус сумын ”Хаан банк”-ны ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар орон нутагт зонхилон тохиолддог хүчтэй шороон шуурганы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал туймрийн аюулаас урьдчилан сэргийлэх , гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэг, ойлголт өглөө.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын “Спортын зөвлөл”-өөс алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл байдлыг хангах зорилгоор “Өглөөг өөртөө” сарын аяныг зохион байгуулж байна.

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээний төр, захиргааны байгууллагын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.  Хяналт шалгалтад нийт 39 байгууллагыг хамруулан 481 зөрчил илэрснээс 61 зөрчил дутагдлыг шалгалтын явцад арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан бичгүүдийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас  “Тэс петролиум” ХХК-ийн Говь-Алтай дахь ШТС-73, 94 салбарын ажилтан, алба хаагчдад гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа. Сургалтаар гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашины болон шуурхай албаны автомашины жолооч нарын сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Эрэн хайх, аврах анги, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн механик жолооч, жолооч нар хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цэргийн албыг хэвшүүлэх, техник, тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага эзэмшиж байна.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын VII сургуулийн дотуур байрны багш, сурагчдад газар хөдлөлт, гал түймрээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Насан туршийн боловсролын төвийн гадаад хэлний багштай хамтран  “Анхан шатны англи хэл-2”, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн “Зөв дадал “ТББ-ын “Гэр бүлийн хүчирхийлэл, хорт зуршлаас ангид  байх” сэдвүүдийн хүрээнд танхимын сургалтыг тус тус зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтарсан “Хүүхэд төв”-тэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна. Энэ хүрээнд 20 дугаар хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргаж, эмзэг байдлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа.

scroll to top