Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +4…+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр . Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -19…-21 градус,  өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон  Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9   градус  хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7 дугаар гудамжинд барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 07:16 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 17х20 метрийн хэмжээтэй “Арвижих” барилгын материалын дэлгүүрийн 3х7 метрийн хэмжээтэй лангууны бараа материал /будаг, шилэн хөвөн/ шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг“Бурхант-Өргөө” кино театрт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Бурхант-Өргөө” кино театрын 4 дүгээр давхарт байрлах түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний /караоке/ гэр болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсныг мөн өдрийн 19:57 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:03 цагт бүрэн унтраасан. /Нийт 1 цаг 29 минут ажилласан./ Гал түймрийн голомтоос кино театрын 3 танхим, үйлчилгээний газруудын нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Цэнхэрийн булан хэсэг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км/-т Эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллан унтрааж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн Халзангийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/-т 03.23-ны өдрийн 10:20 цагийн орчим 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 03.23-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд малчин Э-ын 5 ханатай гэр бүрэн шатсан газарт очиж ажилласан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 10х11 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн дунд автобусны буудал ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 3х4 метрийн хэмжээтэй ТҮЦ-ний дээвэр хэсэг  шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучууд хэсгийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд багийн 2 дугаар хорооллын 3 дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км/03.23-ны өдрийн 22:00 цагийн орчим 5 ханатай гэр, амбаар, хашаа шатсан тухай мэдээллийг 03.23-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс, 30 м хашаа тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж 22:50 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top