Нийслэлийн Онцгой байдлын газраас хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсийг шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас “Хөтөл” ТӨХК-ийн харьяа ажилтан, алба хаагчдад гал түймрийн аюулгүй байдал сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн анги, байгууллагын үйл ажиллагаа болон албанд ашиглагдаж байгаа техник багаж зэвсэглэмжтэй танилцаж, дадлага хийлээ.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Нэгдсэн цугларалт-2023” сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газарас УБТЗ-ын Баянтүмэн тасгийн ажилтан, албан хаагчдад галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, газар хөдлөлт, ой хээрийн гал түймрийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх, тэмцэх сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Нийтийн номын санд гал түймэр унтраах тархалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Увс аймгийн Онцгой байдлын газраас Улаангом сумын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, дотуур байрны багш, онцгой байдлын асуудал хариуцсан ажилтнуудад “Боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 2020 онд боловсролын 55 байгууллагад үнэлгээ хийгдсэн бөгөөд энэ онд хоёрдахь удаагийн тодотгосон үнэлгээ хийх юм.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр, хатуужил, багаар ажиллах, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллалаа”-ны хээрийн дадлага сургуулийг “Шүүтийн тохой”-д зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол”ОУБ -ын Багануур орон нутгийн хөтөлбөртэй хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн 80 гаруй сурагчдад “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн эрсдэл”, “Газар хөдлөлт”-ийн тухай ойлголт сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангах, чадавхжуулах зорилгоор газар хөдлөлтийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд Эрүүл мэндийн алба, цацраг химийн аюулаас хамгаалах бүлэг, Зам гүүрний засварын мэргэжлийн анги, цахилгаан шугам сүлжээ засварын мэргэжлийн анги, Холбоо зарлан мэдээллийн мэргэжлийн анги, Эмнэлгийн анхны тусламжийн нөхөрлөл, Эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжлийн анги, Шатахуун хангамжийн мэргэжлийн анги, Онги ус суваг ОНТӨХК зэрэг гамшгаас хамгаалах 10 алба, 6 мэргэжлийн ангийн 300 орчим алба хаагч, 50 орчим техник хэрэгсэлтэй оролцсон юм.