Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд гаргасан “Яаралтай тусламжийн багийн ангилал, стандарт”-ыг Монгол Улсад нутагшуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед голомтын хүрээний хүн амыг эрэн хайх, аврах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх тусламжийн үндэсний баг байгуулах зорилгоор ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ хамтран үндэсний багийг чадавхжуулах “Яаралтай тусламжийг яг цагт нь” сургалтыг энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад ЭМЯ, ОБЕГ, ЭМДЕГ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, НЭМГ-ын асуудал хариуцсан ажилтнууд хамрагдаж байгаа юм.
“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан ажиллах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах” сэдэвт онол, практик хосолсон тус сургалтаар Үндэсний яаралтай тусламжийн багийг идэвхжүүлэх, олон нийтийг хамарсан осол гэмтэл, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах яаралтай мэс заслын болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой, шуурхай үзүүлэх, ширээний болон майхан эмнэлэг дэлгэх талаар ДЭМБ, Норвеги улсын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, дадлага сургуулилт хийнэ.
Мөн үндэсний хэмжээний яаралтай тусламжийн багийн үйл ажиллагаа, агаараар үйлчлүүлэгчийг тээвэрлэх, зөөвөрлөх зэрэг журмын төсөл дээр багт хуваагдан ажиллана.
Ингэснээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус багийн ажиллах зураглалыг сайжруулах, олон улсын туршлагаас суралцах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.