Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг.  Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 2-7 м/с. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой баг, /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км, сумын төв/-д Эрүүл мэндийн төвийн ажилчдын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын 16х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах баг, 8 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн баг, Сухайн 6 дугаар гудамжинд иргэн Г-ын 5-н ханатай гэр 03.28-ны өдрийн 14:50 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Г-ийн 5  ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээлийг сумын Засаг даргын орлогч дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 6 дугаар баг, Сүхжин хорооллын автомашины зорчих хэсэгт  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн “Спарк” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 15 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын /40 тн/-ын чингэлэг дотор эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Хаалга цоож нээх: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг орон сууцны бага насны 2 хүүхэд гэртээ түгжигдэж, хаалга онгойлгох боломжгүй болсон тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 04:45 хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус тоотын хаалга онгойх боломжгүй байсан тул 3 сунадаг шатаар 3 дугаар давхрын цонхоор орж, М /2 настай, эмэгтэй/, Б /3 настай, эрэгтэй/ нарыг 06:35 цагт эсэн мэнд гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top