Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруун өмнөөс 4-9 м/с, +15…+17 градус дулаан байна.

Төлөв байдал:   31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 1, 2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Задгай” Зоогийн газрын гал тогоонд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход зоогийн газрын гал тогоонд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян зам багийн 10 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд  шар өвс шатаж  байсныг 17 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Амын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Хялганат тосгоноос зүүн урд зүгт 8 км-т / суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн “Нөт” загварын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Чулуут”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний 17:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн 3 дугаар гудамжинд/сумын төвд/ 03.29-ний өдрийн 17:33 цагт тус сумын харьяат иргэн О-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн О-ийн байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 17:53 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Ус сувгийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2.5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсаныг 49 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн “Цагаан дөрвөлж”-ийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.   

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын орон сууцны гал тогооны өрөөнд шүүгээ шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.    

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 36 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 04:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ын “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргүүлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хэрлэн”-гийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.30ны өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 137 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад  илэрсэн тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт унтраасан.   Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатсан.   

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.  

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top