Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын нөхцөл, онцлогт нийцүүлэн гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төсөл болон гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн төслийг боловсруулж байна.
Төслийн хүрээнд боловсруулж байгаа гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн төсөл, хийгдсэн суурь судалгааг хэлэлцэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын Улаан загалмайнийгэмлэг, Олон улсын валютын сан зэрэг хөгжлийн түнш агентлагийн төлөөлөлтэй “Дугуй ширээний уулзалт”-ыг зохион байгууллаа.
Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн төслийг боловсруулахдаа төслийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн хамгийн ихээр хохирол учруулж байгаа гамшгийн төрлийг тодорхойлж эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийн стратегийг боловсруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.