1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад цас, Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 6-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр байрны хажууд “Ялалт” дэн буудал буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн ажилладаггүй дэн буудлын өрөөнд буйдан шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиж 5 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Цав хангай” гэдэг газар /Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 153 км-т, Улаанбаатар хотоос баруун зүгт 100 км-т/ 2 давхар цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:41 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын 20х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 1 давхар барилга, иргэн О-ын 12х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 2 давхар барилга, иргэн Э-ийн 10х11 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга тус тус шатаж дууссан байсан бөгөөд иргэн Г-ын 8х9 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга, иргэн Г-ийн 3х6 метрийн хэмжээтэй “Дугуй засвар”-ын 1 давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Нийт 6 барилга шатсан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Муу түлээт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 23 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн өвөлжөөнд бууц шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Улиастай”-н 3 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Цэций-Уул’’-ын 2 дугаар гудамжинд зоогийн газрын гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчпыг очиход иргэн Н-ийн зоогийн газрын 4х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 7 байр хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 06:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 8х8 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн барилга шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн Гурвансайхан хорооллын 7 дугаар гудамжинд Иргэн А 04.01-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Гурвансайхан хороололоос Морь барианы талбай хүртэл 20 км-т, 2 дугаар бүлэг Хөх толгойн-Ам гэдэг газраас Ханхонгорын гүүр гэдэг газар хүртэл 20 км-т, 3 дугаар бүлэг Гурвансайхан уулын чиглэлд 10 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:15 цагт түр зогсоосон.
Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Иргэн Б 04.01-ний өдрийн 21:00 цагт Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Богд сум дахь Цагаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар /гэрээс урд зүгт 3 км/-ээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн “Жаргалантын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Арвайхээрийн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-ийн “Гранд марк-2” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 11:40 цагт татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Приус-30” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргахаар ажиллаж байна.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Цас, нойтон цас: Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт багийн “Чулуун хороот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 82 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Адаацаг суманд 04.01-ний өдрийн 17:00 цагаас 04.02-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд 1 өрх айлын 150 орчим бог мал дарагдсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ын цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан бөгөөд 85 бог малын сэг зэмийг 04.03-ны өдөр гаргаж цэвэрлэхээр болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР