БНСУ, АНУ, Япон улс даваа гаргаас мягмар гараг хүртэл АНУ-ын нисэх онгоц тээгч “Нимиц” (CVN-68) хөлөг онгоцны оролцоотой тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
“БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ дөрөвдүгээр сарын 3, 4-нд Чежу арлаас урагш задгай тэнгист АНУ, Япон улсын оролцоотойгоор гурван талын сургууль хийхээр төлөвлөж байна” гэж тус яам мэдэгдсэн байна.
АНУ-ын ТЦХ-ий нисэх онгоц тээгч цохилтын бүлгийн командлагч Кристофер Суини удирдан явуулах уг сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, эрэн хайх-аврах ажиллагаа явуулах зэрэг тактик боловсруулах аж.
БНСУ-ын талаас “Юльгок Ли И”, “Чой Ён”, “Тэ Жо Ён” гэсэн эскадрын мина тээгч хөлөг онгоцууд, Америкийн талаас “Нимиц” нисэх онгоц тээгч хөлөг онгоц, эскадрын мина тээгч хоёр хөлөг онгоц оролцох бол Япон улс нэг хөлөг онгоц илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.
“Шумбагч онгоц эсэргүүцэх сургууль өмнөх удаа зургаан сарын өмнө 2022 оны есдүгээр сард болсон. Энэ удаагийн сургуулилалт нь шумбагч онгоцноос баллистик пуужин харвах зэргээр усан доорх орон зайд Умард Солонгосоос учирч буй аюул занал өсөн нэмэгдэж буйд хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх зорилготой” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: montsame.mn