БНЭУ-ын Шинэ Дели хотноо болж байгаа “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын V бага хурал”-д Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нарын төлөөлөгчид оролцож байна.
Энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл”-ээс зохион байгуулж байгаа тус хуралд гишүүн улс орнууд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
“ Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл” нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохион байгуулагдсан НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан бөгөөд дэд бүтцийг цаг уурын өөрчлөлт, гамшигт тэсвэртэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Тус эвсэлд 31 улс, 6 олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 2 байгууллага гишүүнээр элссэн байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хүн бүр аюулгүй болтол хэн ч аюулгүй байдаггүй гэдгийг цар тахал бидэнд сануулсан. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараа зарцуулах 4-11 ам.долларыг хэмнэдэг. Урьд өмнө болсон гамшгийн шалтгааныг судалж, суралцан ирээдүйн болзошгүй аюулаас сэргийлэх нь нэн чухал бөгөөд үүнд Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.