Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. +8…+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-өөс нутгийн хойд хэсгээр, 10-аас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -2…-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн хашаанд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Бага дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.06-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ын 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн “Туул”-ын 28 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд шар өвс шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж 50 минут ажиллаж унтраасан.   

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хонгор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Асгат сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “ND-4257” загварын зүтгүүрийн  дугуй шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.     

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр  багийн 5 гудамжы 3 тоотод /аймгийн төвөөс баруун урд зүгт 22 км-т/ байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Хилчин”-ы 59 дүгээр гудамжнинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны 21:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол багийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 2х2 метрийн амбаар шатаж байсныг  43  минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сөүл плаза”-гийн 4 дүгээр давхарт Гоо сайханы бараа бүтээгдэхүүн зардаг лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 04:18 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг лангуу шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн 4 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15  км-т/ боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э, 04.01-ний өдрийн 06:00 цагийн орчим  үйлдвэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /60 настай, эрэгтэй/-г 04.06-ны өдрийн 07:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн иргэн нь 04.04-ний өдрийн 07:00 цагт Улаанбаатар хотод эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул 04.06-ны өдрийн 20:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.  

Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн “Донгой”-н 2 дугаар гудамжинд/сумын  төвд/ Бага насны хүүхэд 04.06-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, тус сумын дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Сонгино сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай эрэгтэй/-ийг 04.07-ны өдрийн 02:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:30 цагт малынхаа хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top