Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

321762015_1178448866390065_4738415031705094374_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт орон нутгийн төсвийн санхүүжилтээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүртээмжтэй хүргэх, амжиж анхааруулах, нэвтрүүлэх зорилгоор зарлан мэдээллийн цамхагийг суурилууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас II сургуулийн ажилтан, алба хаагчдад  “Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” “what3words программ ашиглах тухай”сэдвээр сургалт зохион байгууллаа.

Увс аймгийн Онцгой байдлын газраас Өндөрхангай, Зүүнхангай сумдад аймгийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгууллаа. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний аранзны иж бүрдэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзэж шалган цаашид хүн нэг бүрийн аранзны иж бүрдлийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Төв аймгийн Онцгой байдлын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд, багачуудад аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг “Аврагч мазаалай” видео хичээлээр дамжуулан олголоо.Тус сургалтад Баянхангай, Угтаалцайдам, Баянцогт сумдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 278 хүүхэд хамрагдсан юм.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дархан-Өргөө” политехник коллежийн багш, ажилчдад Амилуулах суурь тусламж, газар хөдлөлт,  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд мэдээ, мэдээлэл өглөө.

Булган аймгийн Онцгой байдлын газраас Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагч, ажилтан, алба хаагчдад ой, хээрийн гал түймрийн үеийн ажиллагаа болон урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах талаар сургалт зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Түшиг, Цагааннуур сумдад хуваарилагдсан гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашиныг ашиглах, ажиллуулах дадлага олгох, сургалтыг тус сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт зохион байгууллаа.

scroll to top