Хятадын Ардын Чөлөөлөх Арми өчигдөр Тайвань арлыг “бүслэх” байлдааны томоохон сургуулилалтыг эхлүүлжээ.
Энэ нь Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэний гадаад айлчлал өндөрлөх цаг үетэй давхцаж байна.
Тайванийн удирдагч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Лхагва гарагт конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Кэвин Маккартитай уулзсан юм. Бээжингийн эрх баригчид энэ уулзалтыг хатуу эсэргүүцэж байлаа.
Бямба гарагт Хятадын армийн 71 байлдааны нисэх онгоц, есөн тэнгисийн хөлөг Хятад, Тайванийг албан бусаар тусгаарладаг хилийн шугамыг давсан тухай Тайванийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эдгээр зэвсэг техник Тайванийн аралд хамгийн ойр оршдог Хятадын газар нутаг болох Пинтан арлын орчимд байлдааны сургуулилалтаа эхлүүлсэн байна.
Энэхүү ажиллагаа гурван өдөр үргэлжилж, Даваа гарагт өндөрлөх тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн зүүн тойргийн командын төвөөс мэдээлжээ.
Тайвань арлыг Хятадын эрх баригчид өөрийн газар нутгийн салшгүй хэсэгт тооцож, шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэх санаагаа байнга илэрхийлдэг.
Хятадын арми Тайвань арлын орчимд ийм ажиллагаа байнга зохион байгуулдаг ч арлыг “бүслэх” сургуулилалт нь Цай Ин Вэний АНУ-д хийсэн айлчлалын хариуд авсан онцгой арга хэмжээ гэгдэж байна.
Өчигдөр Цай Ин Вэн бас АНУ-ын конгрессын хэсэг гишүүдтэй Тайпэй хотод уулзсан юм. Тэднийг ахалсан конгрессын төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын байнгын хорооны дарга Майкл Маккаул тус улс цаашид Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх бөгөөд энэ нь “дайнд бус, энх тайвныг тогтооход” ашиглагдахыг мэдэгджээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард конгрессын төлөөлөгчдийн танхимын өмнөх спикер Нэнси Пелосийг тус аралд айлчлах үеэр Хятадын арми долоо хоног орчим үргэлжилсэн томоохон байлдааны сургуулилалтыг Тайванийн хоолойд зохион байгуулж байв.
Эх сурвалж: BBC