Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад цас орж шуурга шуурсан.  Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь аймгуудад шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

  Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруунаас 5-10 м/с, +3…+5 градус дулаан байна.

   Төлөв байдал:  12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд нутгийн зарим газраар 13-15 м/с, 14-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.   

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 3 дугаар гудамжны 18 тоот Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 08:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн  “Баянбулаг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун  зүгт 62 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ бууц шатсан тухай мэдээллийг 04.10-ны өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн өвөлжөөнд бууц шатаж байсныг тус сумын Мандаат багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 3:53 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Улиастай”-н 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 17:02 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 23 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Батноров сумын Эрдэнэчандмань багийн “Ихэрийн салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 84 км-т, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 14 км-т/ Бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь  Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Б-ийн өвөлжөөнөөс гаргаж овоолсон бууц шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрар, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 4 хэсэгт хуваагдан ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 29 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.10-ны өдрийн 09:25 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар 100 га талбай шатсан.      

Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Үнсний хонхор гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 5 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.    Тус аймгийн Онгцой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 04.10-ны өдрийн 17:55 цагт цурамд оруулж мөн өдрийн 21:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 15000 га хээрийн талбай шатсан.    

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Тарган-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 13:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 750 га хээрийн талбай шатсан. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 65 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газар, “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд жиллаж 04.09-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд 04.10-ны өдрийн 12:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 25 га ойн талбай шатсан. 

4.Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс аврах: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ 100 метрийн өндөр хадан хясаанаас 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид 8 км  зам туулан очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны баригдаж байгаа орон сууцны барилгын цахилгаан шатны хонгилд 1 хүн боомилж нас барсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж тус байрны 10 дугаар давхарын цахилгаан шатны хонгилоос боомилж нас барсан иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн “Сээр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км-т, сумын төвөөс урд зүгт 16 км-т/ 04.09-ний өдрийн 23:00 цагт салхины хурд 20-25 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Тус сумын харьяат иргэн С-ийн 5 ханатай гэр, иргэн Э-ийн 6 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг тус сумын Цагааннуур багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top