Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 11-нд шилжих шөнө Камчаткийн хойгийнШивелуч галт уул дэлбэрч, 15 км-ын өндөрт үнс нурам цацжээ. Галт уулын халуун хайлмагийн урсгалд зам хаагдах эрсдэл үүсээд байгааг ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Галт уул, газар хөдлөлийг судлах хүрээлэнгээс мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сарын 11-ний шөнө Шивелуч галт уулын дэлбэрэлт үндсэн үе шатандаа (халуун хайлмаг галт уулын энгэрийг даган урсах) хүрлээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас галт уулын видео ажиглалтыг хийхэд хүндрэл учирч байгаа бөгөөд энд циклоны нөлөөгөөр цасан шуурга үргэлжилж байна. Гэсэн хэдий ч үнс нурман үүлний өндөр 15 км-т хүрлээ гэж тооцоолов” гэж мэдээнд дурдсан байна.
Одоогийн байдлаар агаарын тээвэрт учруулах аюулын зэрэглэлийг “улаан” түвшинд шилжүүлээд байна гэж тус хүрээлэн мэдээлээд халуун хайлмаг 20 хүртэл км зайд урсаж, тус хойгийн Петропавловск-Камчатский болон Усть-Камчатск хотын гол замыг хааж магадгүйг анхааруулжээ.
Галт уулаас хэдэн арван километрийн радиуст тэнгэрийг хар үүл бүрхэж, Усть-Камчатск дүүргийн 4 мянга орчим хүн амтай Ключи тосгонд үнс нурам бударч эхэллээ гэж тус хүрээлэн мэдээлжээ. Галт уулаас цацагдсан үнс нурамны улмаас тус тосгоны хоёр сургуулийн сурагчид өнөөдөр зайнаас хичээллэнэ гэж тосгоны захиргаа мэдээлсэн байна.
Шивелуч нь Камчаткийн хойгийн хамгийн том галт уулуудын нэг бөгөөд өндөр нь 3283 метр юм.
Эх сурвалж:montsame.mn