Хятадад “H3N8” шувууны томууны халдвар авсан нэгэн эмэтгэй нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ орон нутгийн цагаар мягмар гаргийн орой мэдээлжээ. Энэ нь шувууны томууны улмаас хүний амь эндсэн анхны тохиолдол юм.
Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид 56 настай эмэгтэй халдварын улмаас нас барсан байна.
Уг вирус хүмүүсийн дунд өргөн хүрээгээр тархах магадлал бага байгаа ч “хүний [эсвэл амьтны] эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй томууны вирусүүдтэй холбоотой вирус судлал, эпидемиологийн болон эмнэлзүйн өөрчлөлтийг илрүүлэхийн тулд тандалт хийх нь чухал” гэдгийг ДЭМБ онцолжээ.
Нас барсан эмэгтэй олон архаг хууч өвчтэй байснаас гадна фермийн шувуу, зэрлэг шувуудтай ойр харьцаж байсан болохыг өвчний түүхэнд нь тэмдэглэжээ. Өвчтөн хоёрдугаар сарын 22-ноос өвдөж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3-нд уушгины хатгалгаа гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж, улмаар 16-ны өдөр нас барсан байна.
ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, өвчтөний үйлчлүүлсэн нойтон махны захаас цуглуулсан дээжээс томуугийн A(H3) халдвар илэрсэн тул тэндээс халдвар авсан байж болзошгүй байна. Нас барсан эмэгтэйтэй ойр байсан хүмүүсээс халдвар илрээгүй байна.