Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон  цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с.  +4…+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +19…+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн “Майнт” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т Иргэн Ц-ын 5 ханатай гэр 04.09-ний өдрийн 23:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 04.13-ны өдрийн 10:28 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргаар ахлуулсан 4 ажилтнууд иргэн Ц-ийн 5 ханатай гэр бүрэн шатсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, Гахайн байрны 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 6 ханатай гэр, иргэн Ш-ын 8 ханатай 2 гэр шатаж байсныг 42 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 7х13 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн  21:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэнБ /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад,Дорнод аймгийн Онцгой байдлын газрын болон Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллан 04.11-ний өдрийн 12:16 цагт түймрийг цурамд оруулж, 04.13-ны өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн Үнэгт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Хавиргын заставын алба хаагчид ажиллан 16:40 цагт түймрийг бүрэн унтраасан.

4.Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Рашааны хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 179 км, сумын төвөөс  урд зүгт 15 км/-т Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.13 өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Мөнгөнморьт сумын чиглэлд иргэн Б-ийн жолооодож явсан “Свипт” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн Приус-41 загварын /2 зорчигчтой/ суудлын  автомашин тус тус шаварт суусан байсныг 01:10 цаг ажиллан татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут баг, Дэлбэрхий гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 136 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, Багануур дүүргээс урд зүгт 20 км/-т суудлын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Багануур дүүргээс Төв аймгийн Архуст сумын чиглэлд иргэн С /56 настай, эрэгтэй /-ын жолоодож явсан “Спасио” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг 04.14-ний өдрийн 01:20 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top