Б.Лхамхүү: Миний өвөө, аав, ах бүгд аврагч

ontsgoi-baidal-gal-untraah-angi-873.jpg

Н.Анужин

Б.Лхамхүү 18 настай. Тэрбээр Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч юм. Уг ангид 2023 оны нэгдүгээр сарын 25-нд элссэн байна.Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Энэ мэргэжлийг сонгон, ажиллаж байгаа шалтгаан байгаа юу вэ. Гэр бүлийн нөлөө байв уу?

-Манай аав, ах нар онцгой байдлын байгууллагад ажилладаг. Тэднийг багаасаа харж өссөн болохоор энэ мэргэжлийг сонгосон. Удмаараа энэ салбарт ажиллаж байгаа. Манай өвөө ч гэсэн энэ салбарт ажиллаж байсан.

Одоо ингээд сууж буйд аав маань хамгийн их нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Багаасаа түүнийг харж өссөнтэй холбоотой болов уу.

-Балчир ахуйдаа аавтайгаа хэр их цагийг өнгөрүүлж байв?

-Аав маань байнга үүрэг гүйцэтгэж явна. Ихэвчлэн холын аймаг, сумууд руу дуудлагаар явчихдаг байсан тул хамт өнгөрүүлсэн цаг хугацаа харьцангуй бага. Аавыг онцгой байдалд ажилладаг гэдгийг долоодугаар ангид байх үеэсээ мэдсэн. Тэгээд л хувцас нь таалагдаж, өмсдөг болсон доо.

-Багаасаа энэ мэргэжилтэй холбоотой байсаар иржээ. Тэгвэл таны хувьд гал сөнөөгч хүн гэж ямар хүнийг хэлэх бол?

-Зоригтой, бусдыг аварч, хамгаалдаг хүнийг хэлдэг гэж боддог.

-Та энэ мэргэжлээр ажиллана гэхээс эмээсэнгүй юу?

-Энэ чиглэлийг өөрөө сонирхож орсон тул айхгүй байхыг хичээдэг. Гэхдээ галаас айлгүй яахав.

-Дуудлагаад явсан уу?

-Тийм.

-Анхны дуудлагадаа явахад ямар байв?

-Би анхны дуудлагаа алдчихсан. Явж чадаагүй. Харин хоёр дахь дуудлагадаа хоёрдугаар сарын 11-нд явсан. Тэр үед хамт яваа ах нараа хараад, хаа явсан газар нь дагаад л алхаад байсан. Хий гэснийг нь хийж, авч ир гэснийг нь зөөгөөд л анхны галын дуудлагаа өнгөрөөсөн дөө.

-Мэргэжлийн анхны туршлагын үеэр их сандардаг шүү дээ?

-Тийм ээ. Дуудлага аваад сандраагүй. Гэхдээ объектдоо очоод машинаас буух үедээ юу хийхээ мэдэхгүй их сандарсан. Өөдөөс маш их утаатай орчин угтсан. Гал унтраах дуудлага байсан юм.

-Анхны дуудлагаа яагаад алдчихав?

-Сандарсандаа л /инээв/

-Ах нартайгаа мөр зэрэгцээд дуудлагад явах үеэр хамгийн түрүүнд юу бодогдох юм?

-Тэднийг гайгүй байгаасай л гэж боддог юм билээ. Араас нь “Зүгээр үү, ах аа” гээд л үглээд алхана.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ээлжээсээ буугаад 48 цаг амардаг. Энэ үеэр хүссэн зүйлээ л хйидэг. Би гар бөмбөг тоглох дуртай. Мөн унтах, идэх дуртай.

-Хоббигоороо ядаргаагаа тайлдаг юм байна шүү дээ?

-Тийм ээ. Заримдаа ядардаг. Гэхдээ унтах миний хобби болохоор нойроо хоббигоороо дарчихдаг.

-Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа болохоор олон мэдрэмж төрж байгаа болов уу. Цаашдаа ямар зорилготой вэ?

-Залуу байгаа энэ үедээ сурч боловсрохыг эрхэмлэдэг. Үзэж, харах зүйл их байна. Цаашдаа суралцаж, ах нар шигээ сайн гал сөнөөгч болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: eguur.mn

scroll to top